Нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд 1000 төгрөг төлж зорчих зохицуулалт өчигдрөөс эхлэн хэрэгжих ёстой байсан ч хойшлууллаа.
Тодруулбал, программ хөгжүүлэх ажил удааширсан тул түр хугацаагаар хойшлуулж байгааг албаныхан мэдээллээ. Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Улаанбаатар смарт” компанийн төлөөлөлтэй хуралдаж, удахгүй олон нийтэд мэдээлэл өгнө. Одоо зорчигчид 500 төгрөгөөр зорчиж байгаа бөгөөд хэрэглэж буй хоёр төхөөрөмжийнх нь нэг 1000 төгрөгөөр зорчиход бэлэн болсон” гэв.
Зорчигчид 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй бөгөөд харин дөрвөөс дээш удаа зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Мөн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон байна.