АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын анхны мэтгэлцээнийг 17 телевизээр 67.1 сая хүн үзсэн гэж “Nielsen” судалгааны фирм мэдээлжээ.
Мягмар гарагт Филадельфи хотод ABC телевиз зохион байгуулж, 17 сувгаар шууд дамжуулсан мэтгэлцээнийг үзсэн хүний тоо зургаадугаар сард CNN-ийн зохион байгуулсан Д.Трамп, Ерөнхийлөгч Жо Байден нарын мэтгэлцээний үзэгчдийн тоог /51 сая/ давсан байна.
Мягмар гаргийн мэтгэлцээн энэ онд хамгийн олон үзэгчийн анхаарлыг татсан телевизийн нэвтрүүлэг болсон боловч Д.Трамп, Ж.Байден хоёрын анхны мэтгэлцээнийг 73 сая гаруй хүн үзэж байсан 2020 оныхтой харьцуулахад буурчээ. Харин 2016 онд Хиллари Клинтон, Д.Трамп хоёрын анхны мэтгэлцээнийг 84 сая хүн үзсэнээр дээд амжилт тогтоож байлаа.
ABC телевизийг хамгийн олон буюу 19 сая гаруй хүн үзсэн бол бол NBC 10 сая гаруй үзэгч, Fox News 9 сая гаруй үзэгчтэйгээр удаалжээ. Сонгуулийн өдөр болоход найман долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед болсон мэтгэлцээний үеэр Д.Трамп, К.Харрис нар сонгогчдод өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг хичээж, гол бодлогын асуудлуудаар нүүр тулан ярилцсан юм.
Мэтгэлцээнийг үзсэн сонгогчид К.Харрисыг Д.Трампаас илүү байсан хэмээн үзэж байгааг CNN-ийн санал асуулгын дүн харуулжээ. Хэдийгээр К.Харрис мэтгэлцээнд сайн оролцсон ч ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан хэвээр байгаа бөгөөд К.Харрисын багийнхан 10 дугаар сард хоёр дахь мэтгэлцээнийг хийхийг уриалсан бол Д.Трамп дахин мэтгэлцэх эсэх талаар тунгаан бодно гэж мэдэгджээ.