Пауэрлифтингийн УАШТ болж байна

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын классик төрлийн 7, тоноглолтой төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэллээ.

Тус тэмцээнд 23 багийн 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 86 жинд 258 медалийн төлөө 3 өдрийн турш өрсөлдөх юм. Энэ тэмцээнд ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь өрсөлдөөнийг онц сонирхолтой болгож буйг зохион байгуулагчид онцоллоо.

Хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпын алт, мөнгө, хүрэл медальт,  ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ үзүүлсэн бөгөөд тэрээр УАШТ-ээс 15 алт, 4 хүрэл медаль хүртжээ. Уг тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сарын 17-24-нд Норвегид болох хэвтээ шахалтын ДАШТ-д оролцох эрх авах аж.

Тэмцээний эхний өдөр өсвөрийн 66 кг-ын жинд “Скай говь” клубын тамирчин Б.Эрхэс цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.Түүнчлэн “Мастер 1” ангиллын эрэгтэйчүүдийн 105 кг-д  Ц.Баттулга цээжнээ 185 кг-ыг шахсанаар тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.