Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 13:00 цагт эхэлнэ
Тус барилдаанд зодоглохоор дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, заан М.Лхагвагэрэл,С.Сүхбат, Б.Бат-Өлзий тэргүүтэй 155 бөх бүртгүүлжээ. Тодруулбал, улсын цолтой 31 бөх бүртгүүлсэн бөгөөд дархан аварга нэг, арслан хоёр, заан гурав, харцага харцага, начин 17 байна. Харин аймгийн арслан цолтой 96 бөх бүртгүүлжээ.
МҮБХ-ноос энэ сараас эхлэн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах нэр бүхий 16 барилдаанд бөхчүүдийн чансааг харгалзан барилдуулахаар шийдвэрлэсэн. Үүний нэг нь Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан юм. Тиймээс тодорхой журмын хүрээнд бөхчүүд барилдах аж. Улсын цолтой бөхчүүд чансаа тогтоох 16 болон бусад барилдаанд бүртгүүлсэн бол шууд оролцох эрхтэй.
Харин аймгийн цолтнууд чансаагаараа шинэ хэлбэрийн 128 бөхийн барилдаанд зодоглоно. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний бөхийн холбооноос нэрлэсэн чансаа тогтоох 16 барилдаанд бүртгүүлсэн ч чансааны оноогоороо 128-д багтсан тохиолдолд зодоглох эрхтэй болно гэсэн үг. Бусад барилдаанд эрэмбээрээ оролцох боломжтой. Тэгвэл сумын цолтон ба залуу бөхчүүд намрын улирлаас хойш зохиосон барилдаануудад гаргасан амжилтын чансаагаар нэр бүхий 16 барилдаанд оролцоно.
Үүнээс гадна аймаг цэргийн цолтны тухайн сарын барилдаандаа шөвгийн дөрөв болон наймд шалгарсан бөхчүүд шинэ хэлбэрийн барилдаанд шууд зодоглох ажээ.