Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийнэ.
Энэ талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих ажлыг 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос туршиж эхэлнэ. Хамгийн гол нь иргэд нэг удаа автобусанд зорчиж болно. Эсвэл дөрвөн өөр автобус дамжин зорчиж болно. Энэ зорчилтыг тооцоолох төлбөрийн системийн ажлыг хийж, тодорхой хугацаанд хойшилсон.
Мөн нийслэлийн 100 байршилд автобусны карт цэнэглэх интернэт орчинтой 100 төхөөрөмж байршуулна.
Ингэснээр иргэд арилжааны банкны карт, гар утасны аппликейшн ашиглан картаа цэнэглэхээс гадна тэндээс нэг удаагийн автобусны билет авах боломжтой болно. Ямар ч байсан энэ оны нэгдүгээр сардаа багтан энэ ажлыг хэрэгжүүлнэ” гэж мэдээллээ.
Зорчигчид 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Оюутнууд мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Нийслэлийн тээврийн газраас мэдээлснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.