“Нарантуул” захын зүүн хойно байрлах иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” нь захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд архидан согтуурах, тэнэмэл иргэд ихтэй, орчны нөхцөл байдал хүнд байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэж өнөөдрөөс тус байршилд цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Мөн орчны нөхцөл байдлыг сайжруулсан байна.
“Мангасын ам”-ын орчмын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэхүү цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц юм. Нийслэлийн Засаг даргаас богино хугацаанд хөрөнгийг шийдэж өглөө. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан орчныг тохижуулах, ойр орчмын том хашаануудыг зөөвөрлөх хөрөнгийг шийдвэрлэж богино хугацаанд үр дүнтэй ажлуудыг хийлээ. Энэ хавийн нөхцөл маш хүнд. “Нарантуул” захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй. Ойр орчимд архидан согтуурах болон тэнэмэл хүмүүс олноор ирдэг. Үүнийг дүгнэж үзээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч, 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамрууллаа. Цаашид ч ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулах ажлуудыг хийж шаардлага бий. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” гэв.
Иргэдийн зүгээс олон жил хүнд нөхцөл байдалтай байсан газар ийнхүү цагдаагийн пост байгуулж, орчныг тохижуулсанд талархалтай хандаж буйг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар хэллээ. Түүнчлэн “Мангасын ам”-наас зүүн тийш чиглэлтэй замын нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан. Удахгүй газар чөлөөлнө. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгуудыг ойрын хугацаанд цэгцлэх ажлыг эхлүүлсэн тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлсэн юм.