Монгол, Туркийн харилцааны түвшинг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Энэ удаагийн айлчлалаар Монгол, Туркийн харилцааны түвшинг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэв.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай “Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа.

Тухайлбал,

Анагаахын шинжлэх ухааны салбарт, эрүүл мэндийн байгууллагын харилцааг бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, оношилгооны болон бусад дэвшилтэт технологийг ашиглахад туршлага солилцох боломжтой боллоо.

– Боловсролын салбарт багш, оюутан солилцох, мэргэжилтнүүд мэдээлэл, туршлагаа хуваалцаж хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэхээр тогтов.

– Соёл, спортын салбарт биеийн тамир, спортын байгууллагын харилцааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулахаар болов.

– Байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтрах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд БНТУ-ын дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлэх, байгалийн цогцолборт газруудын менежментийн хүрээнд туршлага хуваалцахаар тохиролцлоо.

– Уул уурхайн салбарт, нүүрс боловсруулах технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.

– Зам тээврийн салбарт төмөр замын ачаа тээврийн шинэ урсгалыг нээх боломжийг судлах, төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт хамтран ажиллах, олон улсын коридоруудыг ашиглах, хөгжүүлэхэд мэдээлэл туршлага, солилцохоор тогтлоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.