Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр байршилд нийт 37 мянган метр.куб суваг татаад байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийт 80 гаруй өрх халиа тошинд автаж, дуудлага өгсний дагуу тус байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч, ахин халиа тошин халих эрсдэлгүй болголоо.
Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдорж, “Төгөлдрийн гүүр орчмын хэсэгт үерийн барилга байгууламж байхгүй. Шуурхай арга хэмжээ авч 7500 метр.куб суваг татаж, ойр орчмын айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллаад байна. Мөн автозамын хоёр гүүрэн гарцыг гаргаж, явган замын дөрвөн гүүрийг чөлөөллөө. Бид сүүлийн 48 цаг гурван ээлжээр тасралтгүй ажиллаж, 80 айлын гэртээ орох орц гарцыг чөлөөтэй болголоо. Одоо сувгаас ус халих эрсдэлгүй болсон” гэв.
Мөн булгийн ус ундаргатай газар болон хөрсний ус ихтэй газарт байгаа айл өрхүүдийг газар чөлөөлөлтдөө идэвхтэй хамрагдахыг уриалав.