МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг билээ. 2024 оны 28 дахь удаагийн тус уралдааны шилдэг оролцогчид шагналаа гардан авлаа.
Энэ жилийн уралдаанд 18 аймаг, 9 дүүрэг, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орон, ОХУ-ын Буриад Улсаас нийт 1200 бүтээл ирсэн бөгөөд Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон бүтээл ирүүлжээ.
Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул эдүгээ 102 настай Монгол Улсын гавьяат багш С.Жамъяансүрэн гуай, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн ахмад настан С.Цэнд-Аюуш, Сүхбаатар дүүргийн 22 дугаар хорооны иргэн ахмад настан Д.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн ахмад настан Б.Ням-Очир, мөн аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн ахмад настан Д.Цэнд-Аюуш нар байв.
Харин хамгийн бяцхан оролцогч нь Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1а ангийн сурагч О.Ганзаяа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 1а ангийн сурагч М.Бүжинлхам нар байлаа.
Энэ жилийн бүтээлүүд хийц, хэлбэр, загварын хувьд онцлог байсан бөгөөд тухайлбал, Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш нар олсон наамлаар бүтээл ирүүлсэн бол МУБИС-ийн оюутан Монгол төрийн тамгыг эсгий дээр бүтээжээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар