Баасан гарагт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо

“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа.


Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.

 ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Энэ сарын 24-ний Баасан гарагт 07.00 цагаас 00.00 цаг хүртэл Гашуудал зарлахад баримтлах дэгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтээр сүүлчийн замд нь үдэхээр Ерөнхий сайдын захирамжаар оршуулгын комисс байгуулж, миний бие ахалж байгаа. Төрийн тэргүүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээг Баасан гарагт 7:40-9:40 цагийн хооронд зохион байгуулна. 21 аймаг тус бүр эмгэнэлийн дэвтэрт ард иргэдийн сэтгэгдэл, эмгэнэлийг бичүүлж авч байна. Мөн тухайн өдөр орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгахыг зарлиг болгосон. Тухайн өдөр олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна” гэлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.