Ж.Бат-Эрдэнэ: “Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг баталлаа

Анх 2022 оны 12-р сарын 20-ны өдөр Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хотыг байгуулах асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барихыг Засгийн газарт чиглэл болгосон билээ.

Энэхүү чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газраас “Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг 2024 оны 12 сарын 20-ны өдөр УИХ-д өргөн барьж, уг хуулийг УИХ-аар хэлэлцэн баталлаа.

Энэхүү хууль батлагдсанаар нүүдэлчдийн түүхэн гал голомт болсон Орхоны хөндийд суурьшсан эртний нийслэлүүдийн туурин дээр Монгол Улсын шинэ нийслэл хотыг ирээдүйд сэргээн байгуулах хууль эрх зүйн орчин бий болов.

Аливаа хот суурин байгуулах, хөгжүүлэхдээ түүний хөгжлийн төлөвлөгөөг УИХ-аар заавал хэлэлцэж, хуульчлан батлах нь алсын хараатай, төлөвлөгөөтэй, тооцоо судалгаатай, эмх цэгцтэй, зохион байгуулалттай хөгжих үндэс суурь болно.

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл, агаарын бохирдол, нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Хархорум хот төдийгүй Нийслэлийн бусад дагуул хотууд, улсын зэрэглэлтэй хотууд, хөдөө орон нутгаа хамтад нь хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.