НИТХ-аас тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан.
Тус тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, иргэд автобусанд суухдаа 1000 төгрөг төлах байсан ч түр хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл шинэ тарифыг ирэх сарын 1-нээс мөрдөхөөр болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ.
Шинэ тарифаар Ч, М, Д, Ү, Х, Шү, Зү чиглэлийн бүх автобусанд том хүн 1000, хүүхэд 200 төгрөг төлж зорчино. Нэг удаа 1000 төгрөг төлж зорчсоноор цаг хамаарахгүйгээр өдөрт гурван удаа дамжин суух боломжтой аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй зорчдог байсныг тухайн өдөртөө болгон өөрчлөн зохицуулжээ. Ингэхдээ буух бүрдээ төхөөрөмжид автобусны картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдлэх юм байна. Түүнчлэн дамжих хөнгөлөлт өмнө нь ижил чиглэлд үйлчилдэггүй байсан. Харин шинэ тарифын мөрдлөгөөр ижил чиглэлд ч дамжин суухдаа хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.
Харин Д.Сүхбаатарын талбайгаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явдаг X:19 чиглэлийн автобусанд том хүн 15000, хүүхдэд 7000 төгрөгөөр зорчих юм.
Харин Х:20 буюу таван шараас “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явдаг автобус том хүнд 10000, хүүхдэд 5000 төгрөгөөр үйлчлэх аж.
