AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 12,754 компанид 12 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүний 23.39 хувь үүрэн холбоо, 15.30 хувь мэдээлэл холбооны сүлжээ, 10.27 хувь кабель шугам, цамхаг угсралт, бусад нь өргөн нэвтрүүлгийн телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ, шуудангийн сүлжээ үйлчилгээ зэрэгт ажилладаг.

2024 оны статистикаар дээрх салбарт 27 мянга гаруй хүний эрэлт хэрэгцээ байна. Эдгээр хүний нөөцийг бэлтгэхэд дотоодын их дээд сургуулиудын оролцоо их чухал. Түүнчлэн дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад хиймэл оюун ухаан, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдал, програм хангамж зэрэг мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна. Их дээд сургуулиудын хөтөлбөрт дээрх шинэ тутам хөгжиж буй мэргэжлийг хөгжүүлэх, судалгаа хийх талаар оруулахаас гадна төрийн дэмжлэг чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Манай улсад ШУТИС-ийн харьяа Мэдээлэл, холбооны технологийн сургууль сүүлийн таван жилд хиймэл оюун ухаан, өгөгдөл, кибер аюулгүй байдал зэрэг таван шинэ мэргэжлийн хөтөлбөр эхлүүлж, эхний төгсөлтөө хийгээд байна. Цаашид энэ мэт хөтөлбөрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, хүний нөөц бэлдэхээс гадна багш, судлаачдыг хөгжүүлэх боломжоор хангах шаардлага байгааг уулзалтад ирсэн их дээд сургуулийн төлөөллүүд онцоллоо. Мөн дотооддоо бэлдсэн боловсон хүчнээ хөгжингүй орон руу алдах тохиолдол ч түгээмэл аж. Энэ чиглэлд төрийн бодлогоо чиглүүлэхийг хүсэв.

Салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлын талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Их дээд сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ШУТИС, МУИС, МУБИС, СЭЗИС, ҮБХИС, ХААИС болон хувийн сургуулиудын 19 төлөөлөл оролцжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.