Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги, алсын хараа боловсруулах хүрээнд стратегийн цар хүрээний төсөл хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжилд чиглэсэн хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлж, хүртээмжтэй байдлыг хангахад анхааран ажиллах аж.
Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайд Ц.Баатархүү, “Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны стратегиа боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, залуус, ШУА- ийн эрдэмтэд болон их дээд сургуулийн багш нараас санал, хүсэлтийг авч байна. Энэхүү үйлст хамтран ажиллаж буй НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамгийн манлайлалтай улс болоход идэвхтэй хамтран ажиллах болно” гэв.
Талууд Монгол Улсын хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэж, хэтийн төлөвийг тодорхойлон, үндэсний стратеги, алсын хараа боловсруулах юм. Түүнчлэн, кибер аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухааныг үр дүнтэй, хариуцлагатай хэрэглэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд анхааран ажиллана.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлт хөгжил, инновац шинэчлэлийг бий болгох асар их нөөц боломжоор дүүрэн. Харин энэхүү нөөц баялаг, түүний үр ашгийг бүх нийтэд хүртээлтэй байлгах нь чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй, тогтвортой цахим шилжилтийг тууштай дэмжин ажиллах болно” гэв.
Хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан инновац, шинэчлэлийг дэмжиж, тогтвортой, хүртээмжтэй хөгжил дэвшлийг бий болгох замаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, ТХЗ-уудын ахиц дэвшлийг эрчимжүүлэхээр зорьж байна гэж ЦХИХХЯ-наас мэдээллээ.
