1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөт хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм.
Хилийн цэргийн туулж өнгөрүүлсэн дайчин замнал нь Монголын ард түмний тусгаар тогтнолд халдан довтолсон харийнхны өнгөлзлөгийг цаг тухайд нь илрүүлэн зогсоож, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалсан мятаршгүй эх оронч хилчдийн тэмцэл, ялалтын түүх юм.
1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ.
Эх орныхоо дархан хилийн соргог манаа болж хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлж яваа эрхэм хилчид та бүхэндээ баярын мэнд хүргэе!