МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа эх орондоо хийх гэж байна

Монгол улсад анх удаа зохиогдож байгаа WBA холбооны аваргын бүс хамгаалах “Night of Champions” тэмцээн 2025 оны 2-р сарын 15-нд ASA Arena-д болох гэж байна.

Энэхүү тулаан бол түүний мэргэжлийн бокст хийх 12 дахь тулаан бөгөөд тэрээр мэргэжлийн бокст хийсэн 11 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулсан юм. Үүнээс таван тулааныг хүнд цохилтоор дуусгаж, өрсөлдөгчдөө буулган авсан. Эдгээр тулааны  зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь Хятадад хийсэн бол анх удаа эх орондоо мэргэжлийн боксын рингэн дээр гарах гэж байна.

Тоглолтод WBA холбооны Ерөнхийлөгч ирэх бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт оролцоно.

“Night of Champions” -ын гол тулаан болох МУГТ Э.Цэндбаатарын өрсөлдөгч бол Мексикийн тамирчин Педро Бернал Родригес юм. Түүний хувьд мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай байгаа ба 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. Тэрээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга, Мексикийн чансаанд 11-т, Дэлxийн чансаанд 58-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг өсөх ирээдүйтэй тамирчдын нэг.

МУГТ Э.Цэндбаатар энэ тулаанд ялбал 5-р сард болох Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх эрхтэй болох юм.

Тасалбарыг Portal.mn вэб хуудас болон Portal.mn application-аас болон Emart ийн Сансар, Хан-Уул, 10-р хороолол салбаруудаар худалдаалагдаж байна.

МУГТ Э.Цэндбаатар нь 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод оролцож меадалийн шөвгийн наймд үлдсэн. 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан, 2018 оны Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн сонирхогчдын аварга юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.