Улсын хэмжээнд 220 цэцэрлэг, 333 ЕБС, 245 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно

Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийг Боловсролын ерөнхий газраас танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарын нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зорилтыг дэвшүүлж, “Эрдэнэт” ТӨҮГ нийт 160.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн.

Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 220 цэцэрлэг, ерөнхий боловсролын 333 сургууль, 245 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болох юм.

Төслийг нийт 17 аймгийн 294 суманд ажил гүйцэтгүүлж байгаа бөгөөд нийт ажлын явц 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар:

-Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан 181 сумын 510 объект;

-Комисс ажиллахад бэлэн болсон 11 сумын 27 объект;

-Барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 88 сумын 223 объект;

-Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан 4 сумын 10 объект;

-Гэрээ цуцлагдаж байгаа 4 аймгийн 10 сумын 26 объект.

2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зураг төсөвт 3,235.250 сая төгрөг, угсралтын ажилд 97,122.960 сая төгрөг, нийт 100,358.210 сая төгрөгийн гүйцэтгэл баталгаажиж олгогдсон байна.

Цаашид ариун цэврийн байгууламжуудыг үр дүнтэй ашиглахын тулд:

-Ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, сургалт зохион байгуулах;

-Ашиглагч байгууллагын үйлчлэгч нарын ажлын ачааллыг тэгшитгэн, ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчинтэй болгох;

-Гадна нүхэн жорлонг ариутгал хийж буулгах;

-Ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх;

-Шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох;

-Сумдын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байгаа цэвэр, бохир усны төв шугамыг яаралтай ашиглалтад оруулах зэрэгт анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.