П.Наранбаяр: 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хуулийг судална

Боловсролын сайд П.Наранбаяр 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд нэвтрэхийг хориглох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэл хийлээ.

Тус ажлын хэсгийг сайдын зөвлөх Д.Гантулга ахалж, хуулийн төсөл боловсруулах судалгааны ажлыг хийх юм. Харин тусдаа хууль гарах эсвэл Хүүхдийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг нийгмийн бүлгүүдтэй ярилцан шийдвэрлэх гэнэ.

Тэрбээр “Австрали улс цахим орчинд 16 хүртэлх насны хүүхэд Tiktok, Twitter, Snapchat, Facebook зэрэг олон нийтийн сүлжээнд хандахыг хориглосон хууль баталсан. Энэ хуулийг судлах, үр нөлөөг нягтлах, Монгол Улсад олон нийтийн сүлжээд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох асуудлыг судлах юм. Энэ асуудлыг нийгмээрээ хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүхий л нийгмийн бүлгүүдтэй ярилцана. 2020 онд хийсэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын суурь судалгаагаар эцэг эхчүүдийн 90 гаруй хувь нь хүүхдүүд цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэсэн хариулт өгчээ. Харин хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд ямар нэгэн халдлагад өртсөн, 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй гэжээ. Тиймээс цахим орчноос хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг” гэлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.