АНУ-ын Өүрэй хотноо Мөсөнд авиралтын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 20 гаруй орны 100 гаруй тамирчин гурван насны ангилалд өрсөлджээ. Манай улсаас дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлагад найман тамирчин оролцож дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ, U18 насанд Ж.Амина, эрэгтэйчүүдийн U20 насанд Э.Номинтэнгэр нар хурдны төрөлд алтан медалиар энгэрээ мялаав. Түүнчлэн энэ төрлөөр эрэгтэйчүүдийн U18 насанд Э.Дөлгөөн мөнгө, U20 насанд Б.Мөнхбаатар хүрэл медаль хүртсэн бол Ж.Мухаммед, А.Зоригтбаатар нар шагналт байрт шалгарчээ.
Ингэснээр хурдны төрөлд багийн дүнгээр алтан медаль хүртэж, техник, хурд хосолсон төрөлд багаараа хүрэл медаль зүүсэн бол техникийн төрлийн эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэр техникийн төрөлд ДАШТ-ээс медаль авсан анхны монгол тамирчин болж байгаа юм.
Түүнчлэн, гурав хоногийн дараа АНУ-ын Лонгмот хотод болох дэлхийн цомын цуврал тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.



