“Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVII бага хурал”-ыг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа ЭСЯ Монгол Соёлын төвтэй хамтран 2025 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Вашингтон хотноо зохион байгуулжээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пеннсильванийн их сургууль, Өмнөд Каролинагийн их сургууль, Өмнөд Дакотагийн их сургууль, Роджерс их сургууль, Зүүн Теннесси мужийн их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Нью-Йоркийн их сургууль, Йелийн их сургууль, Торонтогийн их сургууль, Канадын Лавалын их сургууь, Истанбулын их сургууль, Америк дахь Монгол судлалын төв болон манай улсын АШУҮИС, МУБИС, СУИС, Оточ Манрамба их сургуулийн төлөөлөл бүхий нийт 30 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэг “Монголын түүх”, “Хэл шинжлэл”, “Соёл урлаг”, “Археологи”, “Уламжлалт анагаах ухаан”, ᠌“Угсаатны зүй”, “Байгаль орчин᠌”, “Нийгэм” зэрэг сэдвээр өрнөв.
Элчин сайд Ө.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ “АНУ дахь Монгол судлал нь олон улсын хэмжээнд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд монгол судлалын баялаг түүх, өв сантай. Дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал. Монгол судлал бол Монгол Улс, монголчуудыг гадаад ертөнцөд илүү бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлах гүүр юм. Монголын баялаг түүх, өв соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулахад Монгол соёлын төв тэргүүтэй байгууллагууд, их, дээд сургуулиудад ажиллаж буй монголч эрдэмтэд болон монгол судлалыг бие даан судалж буй судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн” хэмээн тэмдэглэв.
Бага хурлын үеэр судлаач William W. Fitzhugh, Richard D. Kortum нарын “Ritual Landscape Rock Art and Archaeology in Mongolian Altai” номын нээлт болж, оролцогчид Конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах монголын холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцав.
Хоёр өдөр үргэлжилсэн бага хуралд 100 гаруй хүн идэвхтэй оролцов. Хурлын үйл ажиллагаанд АНУ төдийгүй Канад Улсын судлаачид өргөнөөр оролцсон нь хурлын үйл ажиллагаа жил бүр өргөжин тэлж, Хойд Америкийн бүсийн хэмжээний хурал болж байгаа нь онцлог байна хэмээн ЭСЯ-наас мэдээллээ.


