Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад суух Элчин сайдад хандан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгааг онцоллоо.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын 2023, 2024 онд харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгдэв. Элчин сайд Хунгээв Сүгсавад уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийллээ.