Их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн гранприг тэргүүлж байна

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээн Монакод эхэллээ. 

Тус тэмцээнд Монголын шатарчин их мастер Б.Мөнгөнтуул, Хятадын Тан Жонгуй, Оросын Александра Горячкина, Катарина Лагно, Энэтхэгийн Хюмпи Конеру, Харика Дронавали, Казахстаны Бибисара Ассаубаева, Швейцарын Алесандра Костеньюк, Испанийн Сарасадат Хадемалшарие, Германы Элизабет Пэйтз нар өрсөлдөж байна. 

Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга асан Александра Костеньюктай цагаанаар тоглон хожлоо. Тэгвэл өчигдөр хоёр дахь өрөгтөө энэхүү гранприд өрсөлдөж буй 10 шатарчныг чансаагаар манлайлж байгаа Хятадын Тан Жонгуйтай хараар тоглож тэнцжээ. Ингэснээр 1.5 оноотой тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Харин өнөөдөр Энэтхэгийн их мастер Хюмпи Конерутай цагаанаар тоглох бөгөөд тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.