Барилгын салбарынханд зориулсан “Нийслэл хотын барилга, бүтээн байгуулалт” сэдэвт бизнес уулзалтыг Улаанбаатар хотын худалдааны танхимаас зохион байгуулав.
Уулзалтад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид оролцож бараа, бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна салбартай холбоотой шинэ мэдээ, мэдээллээ солилцлоо. Энэ үеэр Нийслэлийн орон сууцны бодлогын газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Золжаргал Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж байгаа орон сууцжуулах төсөл болон 2025-2028 онд хэрэгжих төслүүдийн талаар танилцуулав.
Тэрбээр, “Бид нийслэлд орон сууцжуулах төсөл гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд төв, гаднын санхүүжилтээр хэрэгжих төсөл зэрэг гурван төрлөөр хэрэгжүүлж байна. 2025-2028 онд Сэлбэ, Баянхошуу, Шархад, дэд төвд нийтдээ 19345 айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 13717 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд барилгын салбарын аж ахуй нэгжүүдийн оролцоо нэн чухал” гэв.

