Олон улсын эх хэлний өдөр өнөөдөр тохиож байна

Дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэх болжээ.

Энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхтэй.

1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор одоогийн Бангладешийн нийслэл Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн юм.

Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.

Улмаар 1999 онд ЮНЕСКО жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” болгон зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм.

Монгол улсын хувьд Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг.

Дэлхий дээр хамгийн олон хүн ярьдаг хэлнүүд:

1. Англи хэл – 1.5 тэрбум хүн (эх болон хоёрдогч хэлээр)

2. Хятад (Мандарин) хэл – 1.1 тэрбум хүн

3. Хинди хэл – 610 сая хүн

4. Испани хэл – 560 сая хүн

5. Франц хэл – 310 сая хүн

Эдгээр тоон мэдээлэл нь төрөлх болон хоёрдогч хэлээр ярьдаг хүмүүсийг багтаасан үзүүлэлт юм.

Дэлхий дээр 6,000 гаруй хэл байдаг бөгөөд үүнээс олонхи нь мөхөх эрсдэлтэй байна.

Хамгийн цөөн хүн ярьдаг хэлнүүд:

1. Тауширо (Перү)

2. Кужунг (Непал)

3. Ливон хэл (Латви)

4. Павуэ (Австрали)

5. Карапапа (Бразил)

Дэлхийн эх хэлний өдөр нь хэлний олон янз байдлыг хадгалах, мөхөж буй хэлнүүдийг хамгаалах, соёлын өвийг түгээх чухал ач холбогдолтой. Өнөө үед олон хэл устаж байгаа тул эх хэлээ хадгалах, хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.