“Мөрөөдлийнхөө төлөө-Шударга өрсөлдөе” уриан дор Улаанбаатар хот, Орхон аймагт Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-23-нд зохион байгууллаа.
Тус наадмын аймгуудын багийн нийлбэр дүнг Б.Баярсайхан даргатай Хөвсгөл аймаг 20 алт, 21 мөнгө, 20 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол дүүргүүдээс Д.Отгонсүрэн даргатай Баянзүрх дүүргийн баг 8 алт, 2 мөнгө, 12 хүрэл медальтайгаар тэргүүн байр эзэлжээ. Энэ удаагийн наадамд найман спортын 80 зай, ангилалд 22 багийн нийт 546 тамирчин 478 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Энэ жилийн наадмын онцлогийн тухайд, анх удаа орон нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулж, тусгай олимпын спортын хоёр төрөл энэ наадмын хөтөлбөрт багтан, Баян-Өлгий аймгаас Монголын хүүхдийн өвлийн спортын наадамд анх удаа тамирчид илгээж, улсын дээд амжилт олноор төрж, Хөвсгөл аймаг хамгийн олон медаль /61/ гардан, хамгийн олон тамирчныг Орхон аймгаас оролцуулсан байна.


