Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол улсын дөрөв дэх Ерөнхий сайд Догсомын Бодоогийн талаар хүргэе.
Тэрээр 1885 онд одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төржээ.
Хүрээн дэх монгол хэл бичгийн сургуульд суралцаж, түүний дараа Шавийн яаманд бичээч хийж байгаад Хаант Оросын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллажээ. Тэрээр монгол, төвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой сэхээтэн хүн байсан учраас Харбин дахь “Монголын сонин бичиг” сонины Нийслэл хүрээн дэх төлөөлөгч, “Шинэ толь”, “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийн сурвалжлагч, хянагч редактораар ажиллаж байхдаа “Болд илд Бо” гэдэг уран бүтээлийн нэрээр хэд хэдэн өгүүлэл, шүлэг зэргийг бичжээ. Хүрээнд байсан Улаан Оросыг дэмжигч хүмүүстэй ойр дотно нөхөрлөж большевизмын талаар сонсож мэдээд “Хүрээний Оросын хувьсгалт нууц хороо” гэдэг бүлгэмийн гишүүн болж явжээ.
1919 онд “Консулын дэнжийн нууц бүлгэм”-ийг байгуулж Чойбалсан, лам Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамъян, лам Лосол, Жигмэддорж нарыг элсүүлжээ. Эл үед Гаалийн хорооны гишүүн Данзангийн байгуулсан “Зүүн хүрээний бүлгэм”-д Цэргийн яамны түшмэл Догсом, Дугаржав, хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов нарын хүмүүс нэгдсэн байв. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж ард түмний дунд харийн дарангуйллыг эсэргүүцсэн ухуулах хуудсууд гарган, Нийслэл Хүрээн дэх хятадын цэргийн хүч, цэргийн ангийн байрлал зэргийг судлан, томоохон ноёдын үзэл бодлыг тандан судлах ажлыг явуулжээ.
Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр явах төлөөлөгчдийн нэрийг шодож тогтсоноор 7 дугаар сард Данзан, Чойбалсан нар Оросын зүг эхэлж хөдлөн араас нь Бодоо, Чагдаржав нар замд гарчээ.
1920 оны эцсээр Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын Цагаан армийн цэрэг Монголд орж ирэн 1921 оны 2 дугаар сард гамин цэргийг цохиж Нийслэл Хүрээг эзэлжээ.
1921 оны 3 дугаар сарын 1-нд Дээд Шивээд хуралдсан хурлаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн даргаар нь Данзанг, түр засгийн газрын Ерөнхий сайдаар Чагдаржав, Гадаад хэргийн сайдаар Бодоог, Бүх цэргийн жанжнаар Сүхбаатар нарыг томилсон юм.
1921 оны 4 дүгээр сарын 16-нд Бодоо Чагдаржавын оронд Ерөнхий сайд болжээ.
1921 оны намар Данзан намын даргаасаа чөлөөлөгдөн Сангийн сайдаар ажиллах болсноор Бодоо Ерөнхий сайд ба намын даргын ажлыг 1921 оны 11 дүгээр сарын 22 хүртэл гүйцэтгэжээ. Данзан, Бодоотой эв түнжин муутай, үргэлж зөрчилддөг байсан бөгөөд Бодоог Америк, Хятад зэрэг улсуудтай сүлбэлдсэн, хувьсгалын үйл хэргийн эсрэг бодлого явуулсан хэмээн буруутгахад Бодоо “эрүүл мэнд муу” хэмээн шалтаг зааж бүх албан тушаалаасаа огцрох хүсэлт гарган улс төрийн амьдралаас холдсон ч түүнийг тагнан мөрдөж, дараагаар нь байцааж, улмаар 1922 оны 8 дугаар сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэмээх ял тулган Дотоод яамны сайд асан Да лам Пунцагдорж, Түр Засгийн газрын ерөнхий сайд асан Д.Чагдаржавын хамт хэлмэгдүүлэн цаазалжээ.
Харин 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Догсомын Бодоод тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгож нэр төрийг нь цагаатгажээ. Д.Бодоогийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор түүний төрсөн нутаг болох Төв аймгийн Зуунмод хотын цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь байгуулсан юм.

