Дээл хувцсаа зөв өмсөх ёсон

Монголчуудын үндэсний дээл хувцас бол цаг уур, хүн ардын эрхэлж буй мал аж ахуй, амьдралын хэв маяг, дээдлэн хүндэлдэг ёс уламжлалтай нягт холбоотой билээ. Монголчууд сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмаараа дээл хувцсаараа гоёдог уламжлалтай. Тэр дундаа сар шинийн баяраар дээл хувцсаа иж бүрнээр өмсөж, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, ерөөлт үгсээ хэлэлцдэг.

Үндэсний хувцасны таван овоо гэж байдаг. Тухайлбал, гутал, дээл, хантааз, малгай, бүс нийлээд нэг цогц үндэсний хувцас болдог.

Мандах төрийн малгай хэмээх нь хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэддэг. 

Тэгш төрийн дээл хэмээхийн учир нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ. 

Бүтэх төрийн бүс гэдэг нь задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн утгатай.  

Хан төрийн хантааз гэдэг нь аливаа хүндэтгэл, ёслолд заавал өмсөх төр улсын иргэн, эр, эм хүн мөн гэдгийн баталгаа тул энэ хувцсыг төр улсын өмсгөл хэмээжээ.

 Түших төрийн гутал нь хүний биеийн тулгуур болсон хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн аж.

Тэгвэл сар шиний өдрүүдэд дээл хувцасаа хэрхэн зөв өмсөх талаар хуваалцъя.

  • Хүмүүс орчин цагт тохируулаад хөнгөн, нимгэн хувцаслаж болох ч цагаан сараар богино ханцуйтай дээл өмсдөггүй. Учир нь гарын шуугаа гаргаж хүнтэй золгодоггүй.
  • Монгол хүн дээлээ өмсөж бүсээ бүслээд, малгайгаа тавьж иж бүрэн хувцаслаад золгодог. Энгэрээ товчлохгүйгээр хүнтэй золгодоггүй.
  • Дээшээ харсан захтай дээл өмсөх хэрэгтэй. Дээшээ харсан зах нь дэвжин дэлгэрэх билэгдлийн чанартай юм.
  • Эмэгтэйчүүд Цагаан сараар хамаг гоёлоо гарган зүүдэг уламжлалтай. Эрэгтэй хүмүүс хөөрөг, даалин хэт хутга, малгай, гутлаа гарган өмсдөг.
  • Эрэгтэй хүн баруун талдаа бүсний цацгийг унжуулаад нар зөв ороон бүслэх ёстой. Монгол хүн хэзээ ч бүсээ хүнтэй сольж, дор хаяж болдоггүй.
  • Монголчууд 25 насанд “нас бие гүйцнэ” гэж ярьдаг. Эхлээд хямд төсөр юм өмсөж байгаад 25 нас хүрээд торго дурдан, 50-60 насандаа очиртой торго өмсдөг байжээ.
  • Хүүхдэдээ уужим чөлөөтэй, өнгөлөг дээл өмсгөдөг. Баривч өмсгөөд бүсийг нь нар зөв ороогоод баруун талд нь бүсэлснээр гэдэс гүзээг нь даарахаас хамгаалдаг.
  • Тухайн жилийн дээлийн өнгө, идээ будаанаас айлын жилийн өнгө харагддаг гэж үздэг учраас хувцсаа их сайхан дээдэлж өмсдөг байсан. Тиймээс монгол дээлээ аль болох цэвэр, цэгцтэй өмсөөрэй.
Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Дээл хувцсаа зөв өмсөх ёсон

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.