Хөөрөг зөрүүлэх ёс заншил нь монгол үндэстний харилцааны маш том соёлын илэрхийлэл болдог. Монголчууд хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэдэг.
Битүүний өдөр хөөргөдөг ёс нь Өндөр гэгээний үеэс бэлгэдэлтэй. Өндөр гэгээн эвцэж өгөхгүй дайн байлдаан, яриа таарахгүй үед хөөрөглөж, тамхилж бай гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Тэр үеэс л хөөрөглөх ёс дэлгэрч, монголчууд хоорондоо эвцсэн гэдэг. Тиймээс хэн нэгэнтэй түнжин эвдэрсэн, сэтгэл санаанд юм хийсэн зүйлээ шинэ гарч буй жилдээ авч орохгүй гэж битүүний өдөр хөөрөглөдөг аж. Шинэ жилийг угтахдаа “сэтгэлийн ямар нэгэн хиргүй боллоо шүү” гэсэн эв найрамдлын бэлгэдэл болгон хөөрөглөдөг уламжлалтай.
Сар шинийн баяраар,
-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу хэмээн хөөргөө харилцан солилцож, тамхилж мэнд мэдэлцдэг.
Мэндлэхдээ залуу хүн ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна.
Настан буурал хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхэсхийн барина. Нөгөө хүн энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж, баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч, хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна.
Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Хөөрөгний амсрыг суллаж байгаа нь “би энгийнээрээ сайхан амьдарч байгаа, надад жаргал зовлонгийн тал дээр бэргэх зүйл байхгүй ” гэдгээ тухайн хөөрөглөж байгаа хүндээ илэрхийлж, чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэн хүндэлж буй илэрхийлэл юм.
Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлийн товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.
Мөн хөөрөг авсан хүн нь хөөрөгний амсрыг чангалаад өгчихвөл тухайн айлд гунигтай үйл явдал тохиосныг илтгэдэг байна. Тиймээс хөөрөгний эзэн яриагаа цэгнэж, аажуу тайван байдалд ордог.
