УИХ-ын гишүүн Б.Түвшин: “Буурал жилийн буцах өвлийн отгон өдөр эхэллээ. Сар үзэгдэхгүй, битүү харанхуй болдог учир “БИТҮҮН” хэмээн нэрлэдэг билээ. Та бүхэндээ 🇲🇳 МОНГОЛЫН ЦАГААН САРЫН БИТҮҮН-ий өдрийн мэнд хүргэе. Өргөн олноороо өнгөтэй сайхан битүүлж байна уу?
Ирж буй шинэ бүхний урьтал, бэлтгэл, угтал болдог эл өдөр өрх гэрээ өөд татаж, өмсөх зүүх, хэлэх ярих, санах бодох бүхнээ сайн сайхнаар бэлгэдэж, өр ширээ барагдуулж, эе эвийг сахиж, эвдэрснийг засан, бурхан шүтээндээ өргөл өргөж, дотор сэтгэлээ ариусган төвшитгөж, тахил номын ёсыг үйлддэг эртний сайхан уламжлалтай.
Битүүний үдшийн шид хутаг, сүсэг бишрэлийн эзэн нь “ертөнцийг тойрон ерөөл буянаа түгээдэг” гэх домгийн бурхан Лхам юм. “Умаа хум” гэж залбирахын төдийд айлчлан ирж, аврал нигүүлсэл, авшиг буянаа хүртээдэг Лхам бурханд зориулж арвай будаа, шар тос тэргүүтнээр тахил тавьдаг бол амьсгалын хэмжээсээр хурдлах хүлэг моринд нь зориулж цэвэр тунгалаг мөс зэхдэг ёсон буй.
Үүнээс гадна гэрийнхээ баруун тотгонд цагаан чулуу тавьж сайн сайхны үүдийг нээдэг, зүүн тотгонд өргөст мод, хатуу харгана тавьж муу бүхний хаалгыг хаадаг гэх дом шившлэг ч бас бий.
Энэ бүхнийг битүүлэгний ёс болгон үйлдсээр ирсэн нь шинэлэхийн угтал, шинэ бүхнийг хүлээн авахын өмнөх сэтгэлийн дотоод засал гэдэг. Хүний ёсон, номын ёсон, амьдралын жамыг сэхээрнэ гэдэг ёс суртахуун, хүмүүжил төлөвшлийн суурь хөрс төдийгүй улс үндэстний өв соёлын ялгарал, үүх түүхийн замнал, үнэ цэний хэмжүүр юм.
Сэтгэлийн чанадад үүрээ засах итгэл бишрэл, хүндлэл хүлээц бүхнээс сайн сайхан бүхэн урган төлжих нь лавтай.
Өвлийн сар өндөрлөн, хаврын улирал айлчилж айсуй энэ цаг дор гадна дотно бүхнээ цэгцлээд, ширээ дүүрэн идээ цагаагаа өрж, сэтгэл дотроо хайр энэрлээр бялхаж, бэлгэтэй сайхан битүүлээрэй!”
