-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай ярилцах болсондоо их баяртай байна. Юуны өмнө та аав ээжийгээ бидэнд танилцуулаач. Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
– Миний аав, ээж Хөвсгөл аймгийн Түнэл сумын гаралтай, одоо Мөрөн суманд амьдардаг. Харин би айлын ууган охин, 3 дүүтэй.
-Хүүхэд насны тань мөрөөдөл юу байсан бэ?
– Хүүхэд ахуй насаа гэр бүлийнхэнтэйгээ маш жаргалтай өнгөрүүлсэн. Яг тэр аз жаргалтай цаг мөчдөө аав, ээж, дүү нартайгаа л хамт байхыг хүсдэг байсан.
Ээж зөвшөөрөхгүй бол зугтаад ч хамаагүй бэлтгэлдээ явдаг байсан.
– Дэлхийд олон төрлийн тулааны спортууд байдаг. Чөлөөт бөх, жюү-жицү, таеквондо, ММА гэх мэт. Тэдгээрээс яагаад жүдо бөхийг сонгосон бэ?
-Анх эрэгтэй найзуудаа дагаж энэ спорттой танилцсан. Хэсэг хичээллэсний дараа мэх техникийг нь сурч, амжилт гаргаж эхэлснээр жүдогоос салж чадахаа больсон. Ээж зөвшөөрөхгүй бол зугтаад ч хамаагүй бэлтгэлдээ явдаг байсан.
– Японы “Кодокан” ордонд очиж байсан уу?
-Очиж байсан. “Кодокан” ордонд хамтарсан бэлтгэл хийж, “Токио Гранд-слам”-д оролцож байсан.
– Манай Улс бөхийн орон шүү дээ. Эрт үеэс үндэсний бөх эрчүүдийн спорт байж, эмэгтэйчүүд барилдахыг цээрлэдэг. Эмэгтэй хүний хувьд бөхийн спортод орох хэцүү байсан уу?
– Манай үндэсний бөх бол эрт үеэс уламжлан ирсэн бидний өв соёл юм. Одоо ч бид үндэсний бөхөө ихэд хүндэлдэг. Эмэгтэй хүний хувьд надад жүдо бөхөөр хичээллэхэд хүндрэл гарч байгаагүй. Сонирхуулахад, үндэсний бөхийн зарим мэхийг жүдогийн арга техникт ашиглаж болдог.
– Бөхчүүдэд өөрийн хийдэг үндсэн мэх байдаг. Таны үндсэн мэх юу вэ?
– Миний хувьд шидэх болон жийх мэхийг нэрлэнэ.
– Анхны олимпоосоо мөнгөн медаль хүртсэн шүү дээ. Тэр тухайгаа эргэн нэг дурсвал.
– 2021 оноос Жүдо бөхийн үндэсний шигшээ багт ороод, 2024 оны Парисын олимпод оролцсон. Өдөр бүр шаргуу бэлтгэл хийж, их хичээсэн.
Олимпод явахдаа тэр мэхийг нь хийлгэхгүй байх талаас арга техник их давтсан ч яг дэвжээн дээр гараад санаснаар болоогүй.
– Нацүми Цүнодатай хийсэн барилдааныг юу эргүүлж болох байсан бэ?
– Японы Нацүми Цүнодатай Парисын олимпын дэвжээнд 3 дахь удаагаа таарч, хожигдсон. 3 удаа хожигдохдоо яг нэг мэхэнд унасан. Олимпод явахдаа тэр мэхийг нь хийлгэхгүй байх талаас арга техник их давтсан ч яг дэвжээн дээр гараад санаснаар болоогүй. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга даргынхаа хэлсэн мэхийг давтсан бол ялах байсан байх гэж боддог.
-Таны амжилт, уналт гээд бүхий л үед хань тань байсан байх. Ханийнхаа талаар дурсвал.
– Миний нөхрийг Г.Болор-Очир гэдэг. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн 81 кг-ын жинд барилддаг. Анх бид 2 сайн найзууд байгаад гэр бүл болсон. Нэг спортоор хичээллэдэг учраас сэтгэлээр унахад дэмжиж, сэтгэл хөөрөл ихтэй үед минь дардаг. Миний хувьд сэтгэл зүйч шиг хүн дээ.

Ээж болж байгаа бүх эмэгтэйчүүд барилдаж чадах юм шиг санагдсан.
– Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач.
-Төлөвлөөгүй байсан учраас анх мэдээд их айж байсан. Ээж болохыг барилдаантай зүйрлэшгүй. Ээж болж байгаа бүх эмэгтэйчүүд барилдаж чадах юм шиг санагдсан. Сүүлийн сар хүүгээ маш их хүлээсэн. Хэнтэй адилхан хүүхэд гарч ирэх бол гээд л их догдолж байсан даа.
– Хэнтэй адилхан байсан?
– Аавтайгаа. Намайг ерөөсөө дуурайгаагүй \инээв\
– Та хүүгээ спортоор явуулах уу?
– Хүүгээ өөрийнх нь хүслээр л явуулна. Тэрнээс ээж аав нь барилддаг юм чинь барилд гэж шахахгүй ээ.
ЭЭЖИЙН НУЛИМС ЦИЙЛГЭНЭЭД, ХООЛОЙ НЬ ЗАНГИРААСТАЙ. ААВ ИНЭЭГЭЭД Л, НҮҮР НЬ УЛАЙГААД БАЙСАН.
– Олимпоос мөнгөн медаль хүртээд эх орондоо ирсэн үеийн мэдрэмжээсээ хуваалцвал. Ижий аав нь маш их баярласан байх ?
– Би хамгийн эхэнд барилдсан. Дараагийн барилдах хүмүүс намайг дагаад хөөрөөд байж болохгүй. Тиймээс өөрийгөө их дарж, медаль аваагүй хүн шиг л байсан. Монголын тамирчид өөрсдийнхөө барилдаанд их төвлөрчихсөн байсан л даа. Зарим нь хожигдоод, дөрвөн жилийн хөдөлмөр нь талаар болж, зорьсон зүйлдээ хүрч чадаагүйдээ сэтгэлээр унаж байхад нь ганцаараа баярлаад байх хэцүү. Монголд ирэхэд харин намайг тэгж сайхнаар угтаж авна гэж ёстой бодоогүй. Анхны олимп учраас тийм сайхнаар хүлээж авдаг ч гэж мэдэхгүй. Ээж, аав хоёр надаас илүү баярласан юм шиг байна лээ. ЭЭЖИЙН НУЛИМС ЦИЙЛГЭНЭЭД, ХООЛОЙ НЬ ЗАНГИРААСТАЙ. ААВ ИНЭЭГЭЭД Л, НҮҮР НЬ УЛАЙГААД БАЙСАН.

– Нутаг орондоо очиход бас их сайхан хүлээж авсан байх.
-Маш хүндтэй хүлээж авсан. Хөвсгөлийн хаалган дээр их олон хүн угтаж авсан. Их гоё байсан.
– Парисын олимпын наадмын зохион байгуулалт дээр нэлээд шүүмжлэл өрнөсөн. Та яаг тэр дунд байж, оролцсон хүний хувьд ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
– Хүмүүс хоол унд муутай зэргээр шүүмжлээд байсан ч миний хувьд таагүй санагдсан зүйл байгаагүй ээ. Анхны олимп учраас бүх зүйл л сайхан байсан.
– Олимпод ОХУ-ын шигшээ баг оролцоогүй шүү дээ. Гэсэн хэдий ч ОХУ-ын тамирчдыг ажигладаг байх. Татами дээр барилдаж байсан уу?
– Манай жингийн ОХУ-ын тамирчин бол миний хүчтэй өрсөлдөгч. Нэг удаа таараад хожигдож байсан. Олимпод оролцсон бол хүчтэй өрсөлдөгч байх байсан.
– Оросын тамирчдаас авч болох давуу тал болон тэдэнд зөвлөх зүйл байдаг уу?
– Оросууд самбо бөхөөр их хичээллэдэг учраас жүдочид нь самбын мэхнүүд их хийдэг нь давуу талтай.
Би олимпод явахгүй нь дээ гэж бодож байтал дараагийн тэмцээнээс нь түрүүлээд эхэлсэн.
– Та 25 настай, энэ хугацаанд олон ялалт, амжилтуудын ард гарсан. 2024 оны зуны Олимпын мөнгөн медальт, 2024 оны Дэлхийн аварга, 2024 оны Азийн аварга, өнгөрсөн онд Душанбед болсон “Их дуулга” тэмцээний аварга. Та карьерынхаа аль үеийг хамгийн дурсамжтай гэж боддог вэ?
– Хамгийн дурсамжтай жилүүд 2023, 2024 он. 2023 онд жилийн туршид бүх л тэмцээнүүдэд оролцсон ч бараг амжилт гаргаагүй, хоёр л медаль авсан. 2024 он бол Олимпын жил шүү дээ. Олимпод явах үгүй нь тодорхойгүй байсан. Эхний хоёр тэмцээнд манай жингийн Г.Наранцэцэг эгч хүрэл медаль хүртэж, би 5-р байрт орсон. Би олимпод явахгүй нь дээ гэж бодож байтал дараагийн тэмцээнээс нь түрүүлээд эхэлсэн. 2023 он бол ялагдал ихтэй, 2024 он бол ялагдал байсан ч эцсийн мөчид ялалтууд авсан гайхалтай жил байсан.

– Уналттай байсан тухайн үед юу бодогдож байсан бэ? Олимпод орох бол хамгийн том зорилго. Гэтэл нэг л болж өгөхгүй байхад…
– Тэр үед хэцүү байна, больё гэж ерөөсөө бодоогүй. Юу болохгүй байгаа юм бол доо гээд л. Барилдаанаа үзэхээр би өөрийнхөө мэхэнд унаад байсан. Багштайгаа болон нөхөртэйгөө их ярилцсан.

– Та одоо жиндээ дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж, Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны албан ёсны цахим хуудаст №1 тамирчнаар бичигддэг. Дэлхийд амжилтын төлөө хичээж яваа залуу эмэгтэй жүдочдод ямар зөвлөгөө өгөх вэ?
– Хэрвээ олимп, Дэлхийн аваргад оролцохоор зорьж байгаа бол өдөр бүр “Дэлхийн аварга”, “Олимп” гэж битгий бодоорой. Чи тухайн өдрөө л хамгийн шилдэг нь байж, өмнөх өдрөөсөө илүү байх ёстой. Тэгж байж зорьсон тэмцээндээ хамгийн сайнаараа барилдаж чадна.

Би хаа хүртэл явж чадах бол, юу хийж чадах бол гэдгээсээ урам зориг авдаг.
– Үргэлж урагшилж, бэлтгэл сургуулилтаа хийхийн тулд юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
– Би хаа хүртэл явж чадах бол, юу хийж чадах бол гэдгээсээ урам зориг авдаг. Шинэ дасгал хийгээд чадчих юм бол маргааш нь ахиад өөр дасгал хийдэг. Үргэлж өөрийгөө сорих дуртай. Эрч хүчээ нойрноос авдаг. Сайн унтаж амарч байж бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, сэтгэл санаа тогтвортой байдаг.
– Жүдогийн спортоос хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
– Шигшээ багийн дасгалжуулагч МУГТ М.Бундмаа багш, Дэлхийн аварга, 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпын ХХХI наадмын мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Дэлхийн аварга Токиогийн олимпын хүрэл медальт М.Уранцэцэг эгч нараасаа үлгэр дуурайлал авдаг. Энэ гурван эгчийнхээ медалийг үргэлжлүүлсэндээ баяртай байна. М.Бундмаа багш өмнө нь миний туулж байгаа бүхнийг туулаад үзчихсэн, Дэлхийн хэмжээний тамирчин байсан учраас бүх зүйлийг зааж зөвлөдөг. Мөн ОУХМ, Казакстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг эгч байна. Байгаа байдал, зан характерын хувьд нээлттэй, хөгжилтэй нь надтай төстэй юм шиг санагддаг.
Дэлхийн тамирчдаас гэвэл 63 кг-ын жингийн Францын тамирчин Кларисс Агбеньену. Ээж болчихсон ч гэсэн 2024 оны Олимпоос хүрэл медаль хүртсэн. Адилхан ээж болчихсон учраас үлгэр дуурайлал авах ёстой гэж боддог.
3 ЖИЛ ЗУРАГТ Ч ҮЗЭХГҮЙ БЭЛТГЭЛЭЭ ХИЙСЭН.
– Жүдо бөхөөс гадна чөлөөт цагаараа хийдэг зүйл байгаа юу?
– Чөлөөт цаг байгаагүй шүү дээ. \инээв\ 3 ЖИЛ ЗУРАГТ Ч ҮЗЭХГҮЙ БЭЛТГЭЛЭЭ ХИЙСЭН.
– Жирийн хүмүүст 5 минут гэдэг бол энгийн цаг хугацаа. Гэтэл аваргын төлөө барилдах, аваргын статус эрсдэлд тулсан үед цаг хугацаа гэдэг хамгийн чухал, үнэ цэнтэй зүйл шүү дээ.
– Сууж байгаа 5 минут, барилдаж байгаа 5 минут ондоо л доо. Оноо авчихсан эсвэл оноо алдсан үед цагаа харж, давтсан мэхээ хийхийг зорьдог. Оноо авчихсан үед цаг явахгүй, алдчихсан үед эсрэгээрээ маш хурдан өнгөрдөг. Тамирчин хүний хувьд цаг хугацаа гэдэг их үнэ цэнтэй зүйл.

– Жүдо бол дорно дахины тулааны урлаг болохын хувьд биеийн тамирын бэлтгэл төдийгүй бүхэл бүтэн гүн ухааны сургаалыг багтаасан. Багш дасгалжуулагчид үүнийг хэрхэн зааж сургадаг вэ? Энэ нь таны спорт, амьдралд хандах хандлагад хэрхэн нөлөөлж байна вэ?
– Аливаа зүйлд тууштай, эцсийг нь үзчихье гэсэн хандлагатай болгодог. Хүмүүстэй харилцах хандлагыг төлөв болгож, ямар ч хүнтэй найрсаг, нээлттэй харилцахыг сурсан.
Мэдээж 2028 оны Лос Анжелесын олимпод орохыг хичээнэ.
– Карьераа цаашид хэрхэн хөгжүүлье гэж бодож байна вэ? Эмэгтэй хүн ер нь хэдэн нас хүртлээ барилдаж болох вэ?
– Мэдээж 2028 оны Лос Анжелесын олимпод орохыг хичээнэ. Тэр болтол бэлтгэлээ сайн хийнэ. Өдөр өдрийнхөө бэлтгэлийг тасралтгүй хийвэл дараагийн олимпод орох боломжтой гэж бодож байна. Европын тамирчид 30 гарчхаад барилдаж байгаа тохиолдол байдаг. Манай Монголд ч бас 30 хүртлээ барилдчихдаг. Дараагийн олимпоор би 28 настай байх учраас орно л гэж бодож байна.
– Жүдо бөхөөр хичээллэснээр олон зүйл сурч, өөрийн амьдралдаа нэвтрүүлсэн байх. Жүдогоос ямар чанарыг нь улс төрчид болон бусад хүмүүс сурч аваасай гэж боддог вэ?
– Шударга байдлыг. Жүдо бөхөд шударга өрсөлдөөн явагддаг шүү дээ. Улс төрчид шударга өрсөлдөөсэй гэж бодож байна. Мөн хөдөлмөрч байдлыг. Нэг зүйлдээ тууштай явж, эцсийг нь үздэг байгаасай.
– Төрөөд удаагүй байгаа ч гэсэн Subeedei.mn сайтын урилгыг хүлээн авч чинь сэтгэлээсээ ярилцсан эрхэм танд баярлалаа. Амжилт хүсье.
– Баярлалаа

“Б.Баасанхүү: 3 жил зурагт ч үзэхгүй бэлтгэлээ хийсэн”-д нэг хариулт
-
Монголчуудын бахархалт охин шүү, 2028 оны олимпод заавал ороорой, амжилт

Хариулт үлдээнэ үү