Одоогоос 112 жилийн тэртээ буюу 1913 оны гуравдугаар сарын 6-нд үндэсний эрх чөлөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын суурь тавигдсан гэж үздэг.
Тус сэтгүүлийг эрхлэн гаргасан эрдэмтэн бол Монголын сэтгүүлзүйн салбарыг үндэслэгчдийн нэг, хэл бичгийн ухааны доктор Жамсрангийн Цэвээн юм.
Ж.Цэвээн нь 1881 онд Буриад аймгийн Шарайд овогт мэндэлжээ.
Бага насандаа аав Жамсрангаар монгол бичиг заалган суралцаж, 16 настайдаа Орос улсыг зорьж, Санкт-Петербург хот дахь П.Бадмаевын Буриад хөвгүүдэд зориулсан сургууль, Эрхүүгийн багшийн сургуульд тус, тус суралцжээ.
Тэрбээр Орос сургуульд багшилж байхдаа хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, Богд Хаант Монгол Улсын Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны Соёл эрхэлсэн түшмэл, ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн зэрэг албан тушаалуудыг чадварлаг хашиж явсан нэгэн юм.
Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь” сэтгүүл, “Нийслэл хүрээний сонин бичиг” зэргийг эрхлэн гаргаж монголын сэтгүүлзүйн салбарыг үндсийг тавьж “Мухар огдой”, “Бэгз”, “Монгол улсын дундах байдлыг шүүмжилбээс”, “Хар тамхины учир” зэрэг олон томоохон нийтлэлүүдийг бичжээ.
Ж.Цэвээн гуай цаг үеийнхээ улс нийгмийн ажилд идэвхийлэн оролцож, Сайн ноён хан Намнансүрэнгийн дэргэд шадарлан, хамгийн дотны нөхөр, улс төрийн зөвлөх нь байжээ.
1921 онд Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулалцаж, нарийн бичгийн даргаар нь ажиллаж, Монгол улсын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад оролцсон юм.
Мөн Монгол сурагчдыг өрнийн орнуудын соёлтой танилцуулж, Эрхүү болон Тройцкосавск хотуудад илгээн суралцуулах ажлыг санаачилж байсан нь хожим олон эрдэмтэн төрөх үндсийг тавьжээ.
Жамсангийн Цэвээн нь 1937 онд хилс хэргээр баригдан таван жил хоригдож байгаад таалал төгссөн бөгөөд өөд болсноос жаран жилийн дараа цагаатгажээ.
