Иргэдэд төрийн өмчийн 35 музей өнөөдрөөс ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Харин энэ жилийн тухайд 3 дугаар сарын эхний долоо хоногт Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Улмаар төрийн болон орон нутгийн 35 музей оршин байгаа газар нутгийн ард иргэддээ үнэ төлбөргүй үйлчилж эхэлж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.

Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.