1926 оны 3-р сарын 10-нд Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх Увс аймгийн Хяргас суманд эгэл жирийн малчин айлын гэр бүлд мэндэлжээ.
1939-1951 онд Хяргас сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургууль, МУИС-ийг тус тус төгсөж эдийн засагч мэргэжил эзэмшжээ. 1958-1961 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны акедемид суралцан эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. МУИС-ийн эдийн засгийн ангийг дүүргэн их дээд сургуулиудад 20 гаруй жил багш, захирлын ажилласан юм. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд гаргасан зүтгэлийг үнэлж профессор цол олгожээ.
1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаад, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллажээ.
1990 оны 3 сард Ардчилсан Холбоо байгуулагдаж, Ж. Батмөнхөөр удирдуулсан Улс төрийн товчоог огцрохыг шаардсан өлсгөлөн зарлажээ. Ж.Батмөнх Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан юм.
Монголын түүхэнд ардчиллыг тайван замаар, хүчирхийлэлгүйгээр эхлүүлсэн удирдагч гэдгээрээ үнэлэгддэг бөгөөд 1997 оны 2-р сарын 21-нд таалал төгсжээ.
1997 онд насан эцэслэх хүртлээ Улаанбаатарт эгэл жирийн амьдарсан бөгөөд түүнийг нас барсны дараа МУИС-ийн ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ. Мөн төрсөн нутаг Хяргас сумын төвд нь 2009 онд гантиг чулуун дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг нутгийнхны хөрөнгөөр босгожээ. 1986 онд 60 насныхаа ойгоор Сүхбаатарын одон, ЗСБНХУ-аас Лениний одонгоор шагнагдсан юм.
