Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах эмч, сувилагчдыг АНУ-д бэлтгэнэ

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүний төлөөллүүд АНУ-ын Юта мужийн их сургуулийн төлөөлөгчтэй хийх хамтын ажиллагааны албан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар АНУ-ын Юта мужийн их сургууль болон Монгол Улсын АШУҮИС, ХСҮТ-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр АНУ-ын Юта мужийн их сургуульд Монгол Улсын АШУҮИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтанг сургаж, шинээр байгуулах Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах боловсон хүчин, эмч, сувилагчдыг бэлтгэхээр боллоо.

Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Ж.Чинбүрэн, Р.Сэддорж, АШУҮС-ийн захирал Б.Дамдиндорж, ХСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар болон бусад албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцсон хэмээн албаныхан мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.