Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” тохиож байна

Өнөөдөр Цэргийн баяр буюу Монгол цэргийн өдөр тохиож байна

1921 оны 3-р сарын 18-нд Д.Сүхбаатар жанжнаар удирдуулсан Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, Монгол Улсын орчин цагийн зэвсэгт хүчний эхлэлийг тавьсан юм.

Сүүлд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Маршал Хорлоогийн Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсаны дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгох болжээ.

Харин 2003 оны арван хоёрдугаар сарын 18-нд Монгол Улсын УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Монгол цэргийн түүх XIII зуунд Чингис хааны үед хамгийн оргил үедээ хүрчээ. Тухайн үед Монгол цэрэг бүр морь унаж, нум сумтай байлдаж чаддаг байжээ. Мөн тус бүрдээ 3-5 ээлжийн морьтой байсан тул ядарч цуцалгүйгээр өдөрт 100-150 км туулдаг байсан юм.

“Их засаг” хуулиар цэргийн сахилга батыг чанга хатуу тогтоодог байсан бөгөөд олзыг зөвшөөрөлгүй авах, тушаал зөрчих, архи уухыг чанд хориглодог байв.

Харин орчин цагт манай улсын цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог 100 гаруй орны нэг бөгөөд олон улсын түвшинд тэргүүлэгчүүдийн эгнээнд ордог.

2002 оноос хойш манай улс 10,000 гаруй цэргийг энхийг сахиулах ажиллагаанд явуулжээ. Мөн манай улс нь эмэгтэй цэргүүдийг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж буй цөөн орны нэг юм.

Цэрэг армийн салбарын  үе үеийн алба хаагчдадаа баярын мэнд дэвшүүлье.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.