1206 оны энэ өдөр Их Монгол улсын гурав дахь хаан Гүюг хаан мэндэлжээ. Гүюг хаан бол Өгөдэй хаан болон Дөргөнэ хатан нарын ууган хүү юм.
Түүний улс төрийн замнал анх цэргийн жанжнаас эхэлсэн бөгөөд хамгийн анх Өгэдэй хаантай хамт Алтан улсыг мөхөөсөн 1232-1235 оны дайнд оролцож, Зүрчин улсыг мөхөөх дайныг тэргүүлэн удирдаж явжээ.
Түүнийг 35 настайд буюу 1241 оны 12 сард Өгөдэй хаан таалал төгсөж, түүний эх Дөргөнэ хатан төрийн эрхийг 5 жил барьсны дараа 1246 онд Гүюг хаан Их Монгол улсын гурав дахь хаанаар өргөмжлөгдсөн юм.
Түүнийг хаан ширээнд залах ёслолд 4000 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд түүний дотор Ромын пап ламын элч Плано Карпини оролцсон бөгөөд тэрээр Ромын папын монголчуудыг Христийн шашинд орж, Унгар зэрэг Христийн шашинт орнуудыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлыг авч иржээ. Гүюг хаан пап ламын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу захидал илгээсэн аж. Уг захидлын перс хэл дээрх хувилбар нь эдүгээ Ватиканы номын сангийн архивт хадгалагдаж байна. Плано Карпини Монголд байх үеийнхээ тухай бичсэн аян замын тэмдэглэлийг бичсэн нь одоог хүртэл хадгалагдан үлджээ.
Плано Карпини Гүюг хааныг “дунд зэргийн нуруутай, хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, ихэмсэг зантай, буурь суурьтай” хэмээн тэмдэглэсэн байна.
Гүюг хаан Монгол улсын хамгийн анхны хүн амын тооллогыг хийж, албан татварыг зохих хэмжээнд нь тогтоон, барууны улсуудтай харилцах харилцааг эхлүүлсэн гэж түүхчид тэмдэглэсэн байдаг.
Харин түүний ихэд хатуу зан авир нь ноёд язгууртнуудын дургүйцлийг ихээхэн хүргэж, Их гүрний доторх тэмцлийг эхлүүлсэн гэж үздэг.
Түүний их хатныг Огул Хаймиш гэдэг Мэргид аймгийн хүн байв. Эр нөхрөө нас барсны дараа Огул Каймиш хатан 1248-1251 онд гурван жилийн хугацаанд төрийн хэргийг түр хамаарч байжээ. Гүюг хаан олон хатад, татвар эмстэй байсан. Тэдгээрээс Хожа, Нагу, Хөхөө (Хүкү) гэдэг гурван хүү, хоёр охинтой байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Гүюг хаан 1248 онд Алтан ордны улсыг эзлэхээр мордохдоо өвчний улмаас таалал төгссөн хэмээн түүхэн сурвалжуудад тэмдэглэжээ.
