Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна. Эх хэлнийхээ яруу тансгийг биширдэг хэн бүхэнд баярын мэнд хүргэе.

Энэ өдрийг 1999 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан байна.

Аливаа хэл, тэр тусмаа Монгол хэлний үсэг, авиа бүр хамгийн утга төгс сонсголонтой билээ. Та бүхэндээ нэрт яруу найрагч Б. Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийг зориулж байна.

Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд,
Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би,
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд
Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морин туурайд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би.

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би,
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Үхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд,
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би,
Зүүдэлгүй цагаан өрхний хоймсож томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулганы тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би,
Сормосон дундаа талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашанд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би,
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэхэн төрлөө би.

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндөрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би,
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархаданд
Цээл сайхан дуутай уртын дууны аянд
Цэнгэх зовох хослосон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.

Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө бий
Амь нэгтэй олныхоо монголоо гэсэн сэтгэлд
Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах
Үйлдвэрийн өндөр яндагийн хилэн улаан галанд
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би.

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.