Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслангийн 35 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг ба ирэх 2026 онд Монгол Улсад хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж эхэлсний 100 жилийн ой тохиох юм.
Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагаанд мэргэжлийн холбоо, төрийн байгууллагын оролцоогүй, зөвлөдөггүй, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй учраас амралт, сувиллын газар, жуулчдын бааз байдлаар ашиглах нь түгээмэл.
Тиймээс цаашид ГБХНХЯ, Боловсролын яамтай уялдаа холбоогоо сайжруулж, багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудаа зусланд дадлага хийлгэдэг болгоход анхаарна гэдгийг сайд онцоллоо.
Мөн эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй уялдуулж тодорхой хөнгөлөлт үзүүлдэг болох, хууль, эрхзүйн орчныг шинэчлэх, санхүү, хүний нөөцийн хувьд тогтвортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ хэмээн ГБХНХЯ-наас мэдээллээ.
