Нийслэлийн ерөнхий боловсролын 65 болон 52 дугаар сургуулийн 6-12 дугаар ангийн суралцагчид багш нарын хамт Монгол, Орос, Хятад 3 улсын “Цайны зам” төслийн хүрээнд Буриадын “Үлгэрийн Цагаан сар”-ын баярт 3 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд амжилттай оролцжээ.
Үлгэрийн “Цагаан сар”-ын баярт Буриад Цагаан өвгөн, Орос Өвлийн өвгөн аав нар цаа бугаа хөлөглөн ирж, Монгол, Хятад улсын сурагч, оюутнуудад гайхалтай бэлэг барин, халуун дотноор угтан авч, 5 шидэт амьтад олон төрлийн хөгжөөнт наадгай, уралдаан тэмцээн явуулсан аж.
“Цагаан Сар”-ын баяр нь яруу тансаг “Бал бүжгийн наадам”-аар үргэлжилж, суралцагчид авьяас билиг, ур чадвараараа онцгойрон гайхагдаж, “Бал бүжгийн Граци”, “Бал бүжгийн одод”, “Шилдэг хос” номинацуудын шагналыг хүртэв.
Цааш “Бүтээлч үйлдвэрлэлийн Байкал арт” сургуулиар зочлон тус сургуулийн сурагчдын видео болон фото контент үйлдвэрлэл, 3D дизайн, дуу хөгжмийн нарйуулга, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дүрслэх урлагийн богино хугацааны сургалтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан юм.
Боловсрол солилцооноос сурагч солилцоо руу шилжин, Буриад улсын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд зочилж, Орос үндэстний хаврын баяр буюу “Шар тосны баяр”-аар иддэг гол хоолны төрөл болох “блины” болон орос кукла хийх мастер-класс монгол сурагчдад зориулан зохион байгуулсан нь орос соёл, уламжлал, зан заншлын талаар танин мэдэхүйн ач холбогдолтой байв.
Ийнхүү “Цайны зам” төслийн хүрээнд Edurussia төв болон Цайны зам хөгжил сангаас зохион байгуулсан “Үлгэрийн Цагаан сар”-ын баярын сурагч солилцооны төсөл нь “Академик түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Боловсролын ерөнхий газар болон ОХУ-ын Буриад улсын Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжлээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


