Ховд аймгийн 17 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдран суугаа 1,000 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, хувилбарт сургалтын багшийн дэмжлэгтэй сургуулийн өмнөх хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдах боллоо.
Алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багцыг хүлээлгэн өгч, арга зүйн сургалтад хамруулав.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 12 аймгийн 210 сумын 272 цэцэрлэг болон хилийн анги салбар бүлгийн 7142 хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагчид “Таблеттай багш” санаачилгад гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
Ховд аймагт “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлж орон нутгийн удирдлагын болон мэргэжлийн хөгжлийн багийг чадавхжуулахад ХААН Банкны хандив санхүүжилт гол үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
Тус аймаг, сум, багийн түвшинд гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд аймгийн боловсролын салбарын удирдлага, мэргэжилтнүүд, нийт сумдын Засаг дарга нар, цэцэрлэгийн багш нар сургалт-хэлэлцүүлэгт оролцлоо.



