Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг Улаанбаатар трамвай төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ-ийн боловсруулалт 60 хувь, хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийнх 80 хувьтай үргэлжилж байна.
Төслийн удирдагч Б.Ану-Үжин “Төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард багтаан дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусган үе шаттай батлуулна. Барилга угсралтын ажлыг энэ зун эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендер зарлана” гэв.
Трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай байх бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зунжингаас төв талбай хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шугам нь Хан-Уул дүүргийн “Steppe arena”-гаас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтай байна.
