2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцоно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: Одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон зарим гишүүн улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд 2021 оноос эхлэн жил бүр оролцож байна.
Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 140 орчим улс орны төр, засгийн тэргүүнүүд оролцохоо мэдэгджээ.