“1000 AI Ambassador” – Хиймэл Оюуны элч бэлтгэх их аялал эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Хэнтий аймагт ажиллах үеэрээ 400 гаруй сурагчидтай уулзаж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “1000 AI Ambassador” төслөө танилцуулжээ.

Тус яам нь хоёрдугаар сард хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлсэн. Энэхүү стратегийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран орон даяар 1000 залуу манлайлагчдыг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүллээ.

Төслийн хүрээнд “1000 AI ambassador” – ийг төрөл бүрийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаагаар дэмжих бөгөөд эдгээр манлайлагчид нь хиймэл оюуны тухай ойлголт, цахим ур чадвар, технологийн шинэ хандлагыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд залуу манлайлагчид нь технологийн хөгжилд тэргүүлэгч болж, хиймэл оюуны салбарт мэргэшсэн иргэдийн хүрээг өргөжүүлэх, улс орны инновацын чадамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. 

Энэ хүрээнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Хэнтий аймгийн 20 сурагчийг Хиймэл оюуны элч төлөөлөгч болгон бэлдэх үүргийг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд өгч, 20 ширхэг компьютер гардуулан өглөө гэж ЦХИХХ-ны яамнаас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.