Чөлөөт бөхийн баг Ази тивийн аваргаас 10 медаль хүртлээ

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тус тэмцээнээс гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин мөнгө, 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалийн эзэд болов.

Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ц.Цогбадрах, 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар мөнгө, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн нар хүрэл медалийн тавцанд гарлаа.

Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцсон юм.

Монголчууд чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс анхлан 1989 онд медаль хүртсэн юм. Япон улсад болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв. Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн билээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.