Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгууль аравдугаар сарын 11-ний баасан гарагт болно. Хуулийн дагуу энэ сарын 26-нд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм. Санал хураалтыг аравдугаар сарын 11-нд Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт явуулна.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулахаар шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороотой бөгөөд 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751 мандаттай, сумдын 1642 тойрог 6922 мандаттай, нийслэлийн 12 тойрог 45 мандаттай, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.