Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо. Энэ станц 365 хоног, 24 цаг тасралтгүй ажиллаж, хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоос зэргийн мэдээллийг маш нарийвчлалтай хэмжихээс гадна хяналтыг бүрэн хийх юм.
Өнгөрсөн хугацаанд 8, 12, 20 цагт механикаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой боллоо.
Агаарын чанарыг хэмждэг автомат станцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн Байгаль орчны салбарын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгоно. Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд Хэнтий, Завхан, Увс, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймгууд тавдугаар сар гэхэд агаарын чанарыг хэмждэг автомат станцтай болно.

