Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулж баяр хүргэв.

“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа нь Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн амжилтад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шагнал гардуулсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа, Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Асахифүжи Сүгиномори Сэйяа нь 1981 оноос сүмогийн дэвжээнд барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртсэн бөгөөд 1992 онд зодог тайлсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш /ояаката/-аар тасралтгүй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, сүмод сонирхолтой хүүхэд багачуудад мэдээлэл түгээж, сүмогийн спортод хөл тавихад нь тусалжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.