Ариун цэврийн байгууламжийг шинэчлэхээр орон нутагт ажиллаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд “Ариун цэврийн байгууламжийг шинэчлэх” ажлаар Төв аймгийн Жаргалант суманд ажиллалаа.

БСШУСБайнгын хорооны дарга Ч.Ундрамаар ахлуулсан УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Галбадрах, Д.Рэгдэл болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг орчин үеийн стандарт, эрүүл ахуйд нийцүүлэн шинэчлэх ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Жаргалант сумын бага сургууль, дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Улсын хэмжээнд 819 боловсролын байгууллагад гаднаа нүхэн жорлон ашиглаж байгаа судалгаа бий. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд Төв аймгийн 19 сумын 36 байгууллагад шинэ ариун цэврийн байгууламж баригдсан бөгөөд 6475 хүүхэд илүү эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болсон аж.

Гэсэн ч бохирын цооног, дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлага байгаа талаар орон нутгийн зүгээс онцолж, мэргэжлийн байгууллагууд хяналтыг чангатгаж, шийдэл гаргахаар санал нэгдлээ.

Үргэлжлүүлэн БСШУСБХ-ны гишүүд өнөөдөр ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгох ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж Сэлэнгэ аймгийн Баянгол, Баруунбүрэн сумдад ажиллажээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.