Монголын 12 сурагч дэлхийн шилдэг их сургуулиудад суралцаж, ажил амьдралын гараагаа эхлүүлэхэд бэлдэх цогц хөтөлбөрт 7 сарын турш хамрагдана.
“Говь Сколарс” ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “12 Сколарс программ” нь монголын өнцөг булан бүрд 12 дугаар ангиа төгсөж буй эсвэл нэг жил завсарласан шилдэг 12 хүүхдийг сонгон шалгаруулж, салбар бүрийн лидер болгохоор дэмжиж байна. Тус хөтөлбөр зөвхөн гадаадын их сургуульд ороход туслаад зогсохгүй Монголын ирээдүйг өөрчилж чадах манлайлагч, бүтээлч, өөртэйгээ ажиллах сэтгэлтэй залуусыг нэгтгэж, тэднийг хамтын үнэт зүйл бүхий нэгдмэл орон зайд өсгөн бойжуулах зорилготой юм.
Үндсэн хөтөлбөрүүдэд хамрагдсанаар зорьсон оноогоо авах шалгалтад бэлдэх, мэргэжлийн сэтгэлзүйчдийн чиглүүлгээр өөрийгөө танин мэдэх, менторшип хөтөлбөрт хамрагдаж мөрөөдлийн их сургуульдаа орох төлөвлөгөө гаргах, багаар ажиллаж, нийгэмд чиглэсэн төсөл санаачлан хэрэгжүүлэхэд туслах, санаагаа бодит ажил болгох боломжтой. Дэлхийн шилдэг их сургуулиудын оюутан, төгсөгчдөөс академик сонирхол, амьдралынх нь тухай сонсож, амьдрал, карьер төлөвлөлтийн тухай зөвлөгөө авахаас гадна гадаад оюутнуудтай холбоо тогтоох олон сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдаж болно. Мөн бичгийн мэдлэгээ сайжруулан, шинжлэх ухааны өгүүлэл, үзэл бодлын нийтлэл зэрэг төрөл бүрийн бичвэр бичиж, хүссэн салбартаамонголын шилдэг компаниудад дадлага хийх боломжийг олгох аж.
Хөтөлбөрт хамрагдсан сурагч Т.Тансагмэргэн “Олон сургуулиас татгалзсан хариу авсан ч намайг сургуульд бүрэн тэтгэлэг авах хүртэл хажууд минь туслах хамт олонтой байсан нь тустай санагдсан”гэсэн бол С.Жавхлантөгс “Долоо хоног бүр ирдэг зочдоос эхлээд бидний хамрагддаг гүйлтийн клуб нь миний хүрээллийг тэлж, амьдралын харах өнцгийг өөрчилсөн” хэмээжээ.

