Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу “United Airlines” агаарын тээвэрлэгч компани манай улс нислэг үйлдэхээр болсоноо албан ёсоор зарласан. Тэгвэл дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч “United Airlines” авиа компани өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэнэ.
Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ. United Airlines авиа компани 2025 оны тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 13-ны хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх юм.
United Airlines авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог.
